Аялал жуулчлал

Үзэсгэлэн төгс байгаль, өвөрмөц соёл, түүхийн үнэт өв арвинтай Солонгос оронд жуулчдад үзүүлж сонирхуулах зүйл олон бий. Дөрвөн улиралтай, хойг дээр орших энэ улсын наран шарлагын газрууд, уул ус, гол мөрөн жуулчдын анхаарлыг ихэд татдаг. Буддын шашны эртний сүм хийд, хаад ноёдын орд харш, уран баримал, археологийн олдворт газрууд, цайз хэрэм, язгуур уламжлалыг харуулсан тосгон, музэй олон бий.

Солонгос орноор хэрхэн аялах вэ?

Дотоодын нислэг: Ихэнх орон нутгийн нислэг нь Сөүл хотоос 1 цагийн дотор хүрэхүйц зайтай байдаг. Сөүлийн баруун хэсэгт орших Кимпу нисэх онгоцны буудлаас ихэнх орон нутгийн нислэг хийгдэх бөгөөд Хятад, Япон зэрэг орны ойрын зайн гадаад нислэг хийгддэг.

Төмөр зам: Солонгосын өнцөг булан бүрт хүрсэн үндэсний төмөр замын сүлжээнд супер экспресс, экспресс болон орон нутгийн гэсэн 3 төрлийн галт тэрэг явдаг. Супер экспресс галт тэрэг Сөүл хотыг Пүсан, Мукпу, Тэгүгийн зүүн хэсэг, Кванжү болон Иксантай холбодог. Аялал жуулчлалын гол газрууд руу галт тэрэг дамжилгүй эсвэл ганц дамжин хүрч болно. Экспесс галт тэрэг вагон-ресторантай байдаг бол супер экспресс галт тэргийн хамгийн урт аялал ердөө 3 цаг байх учир тусгай ресторангүй зөвхөн хөнгөн зууш бүхий явуулын сагсаар үйлчилдэг. Усан онгоцоор болон галт тэрэг дамжин хүрэх чиглэлүүдээ үндэсний төмөр замын сүлжээний вэб сайт http://www.korail.co.kr -аас харж болно. Зорчих тасалбарыг Солонгост болон гадаадад байх эрх бүхий борлуулагчаас авч болно.

Автобус: Хот хоорондын чиглэлд явдаг автобусаар Солонгосын том, жижиг бүхий л хотуудад очиж болох ба хямд төсөр аялалд тооцогддог. Хэдий тийм ч бүх зогсоолд зогсдог учир цаг их зарцуулагдана. Тусгай дээд зэрэглэлийн автобус мөн явдаг.

Хот хоорондын экспресс автобус: Хот хоорондын экспресс автобус нь хүрэх газартаа бараг зогсолтгүй ууд очдог бөгөөд зөвхөн тодорхой цагуудад түр амрах зогсоолд зогсдог.

Энгийн экспесс болон люкс экспресс гэсэн хоёр төрлийн автобус Солонгосын бүх том хотуудын хооронд явдаг. Люкс автобус дотроо зай ихтэй, өргөн суудалтай бөгөөд үүрэн телефон утас, дүрс бичлэгийн хуурцаг тоглуулагч зэрэг нэмэгдэл тоноглолтой байдаг. Нэг эгнээндээ 3 суудалтай байна. Энгийн экспесс автобусны хувьд эгнээндээ 4 суудалтай. Зарим чиглэлийн люкс автобус шөнө явдаг. Сөүлд экспресс автобусны 3 буудал бий. Төв товчоо, Каннам дахь 3-р шугамын Намбү буудал, 2-р шугмын Канбён буудлын ойролцоох Дун(зүүн) Сөүл буудал мөн түүнчлэн Пүсаны экспресс автобусны буудал хотын төвийн зүүн талд байрладаг.

Метро: Сөүл, Пүсан, Тэгү, Кванжү, Инчон болон Тэжон хотын хамгийн тохьтой, хурдан, аюулгүй нийтийн тээврийн хэрэгсэл бол метро юм. Сөүл хотыг захын хороолол болон ойр тойронд байдаг дагуул хотуудтай нь метро холбож өгдөг. Тасалбарын доод үнэ 1000 воноос эхлэх ба хүрэх газраас шалтгаалан үнэ өөрчлөгдөнө. Зорчигчид төлбөрөө хийхэд хялбар бөгөөд мөн үнэгүй дамжих эрхийн тасалбарыг Т карт гэх зээлийн карт ашиглан авч болно.

Такси: Солонгост энгийн болон люкс гэсэн хоёр төрлийн такси үйлчилдэг. Таксины төлбөр явах цаг болон зайнаас хамаарна. Люкс хар такси нь энгийн саарал таксинаас арай үнэтэй. Бүх такси үүрэн телефон утсаар дамжуулан орчуулгын үйлчилгээ үзүүлдэг учир жолоочтой үйл ойлголцох бэрхшээл үгүй.

Машин түрээслэх: Солонгост машин түрээслэн аялах нь орчин тойронтойгоо сайтар танилцах үр дүнтэй арга юм. Өргөн болон хурдны олон замаар улс орны аль ч өнцөг буланд хүрч болно. Машин түрээслэх үйлчилгээ авхын тулд дараах шаардлагыг хангах хэрэгтэй болдог. Үүнд:

- Нэг жил түүнээс илүү жолооны дадлагатай байх

- Хүчинтэй олон улсын жолооны үнэмлэхтэй байх

- 21 нас хүрсэн байх

- Хүчинтэй пасспорт, биеийн байцаалттай байх гэсэн шаардлага тавигддаг.

Түрээсийн төлбөр машины марк, төрлөөс хамаарч өдөрт 68,000-265,000 вон байдаг. Хурдны дээд хязгаар хот дотор цагт 60 км, хурдны замд цагт 80-100 км байдаг. Архи болон бусад төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн үедээ машин жолоодсон тохиолдолд маш хатуу шийтгэл ноогдуулдаг.

Зочид буудал, байр

Солонгост ирж буй хүмүүс зочид буудал, жижиг дэн буудал, нийтийн байр, амралтын газар эсвэл айлд байрлаж болно. Өндөр зэрэглэлийн супер люкс, люкс, нэг дүгээр, хоёр дугаар болон гурав дугаар зэргийн гэсэн зочид буудлаас дуртайгаа сонгож болдог. Супер люкс зочид буудал нь нэг хоноход 170,000 орчим воны үнэтэй байдаг бол бусад доогуур зэрэглэлтэй зочид буудлын үнэ 46,000 орчим воноос эхэлдэг. Ихэнх зочид буудлуудад усан сан, саун, боулингийн танхим болон биеийн тамирийн заал байдаг. Мөн диско болон караоке баар, казино, алжаал тайлах өрөө зэрэг зочдын тав тухыг хангахад чиглэгдсэн бүхий л төрлийн үйлчилгээ бий. Жилийн турш тухайн улирал бүрийн цэнгээнт арга хэмжээнүүд олноор зохиогддог.

Дэн буудал болон нийтийн байр ны үнэ хямд бөгөөд энгийн, цэвэр нямбай байдаг. Үзүүлж буй үйлчилгээ болон тохижилтоос хамаарч үнэ нь янз бүр бөгөөд нийтийн байрны хоногийн хөлс 6,000-22,000 воны хооронд, дэн буудлынх 30,000-60,000 вон байдаг.

Солонгос айлд байх нь хямд заримдаа бүр үнэ төлбөргүй байдгаас гадна Солонгос гэр бүлтэй анд нөхдийн харилцаа тогтоож, Солонгосчуудын ахуй амьдралын хав маягийг мэдрэх өргөн бололцоо олгодгоороо их давуу талтай.

Өөртөө үйлчлэх зарчмаар ажилладаг зочид буудлын газрууд-резидент ихэвчлэн жуулчид олноор цугладаг газруудад байдаг. Гал тогоо, унтлагын өрөө, угаалгын өрөө зэрэг нь зочин өөрөө өөртөө үйлчлэх зарчмаар ашиглан зочдын тав тухыг хангахад чиглэгдсэн бусад бүх нөхцлийг хангасан байдаг. Үнийн хувьд мөн янз бүр бөгөөд голдуу 30,000-100,000 вон, бүр люкс зэрэглэлтэй нь хоногийн 200,000 воных ч бий.

Шинэхэн нэвтэрч буй ч нилээд эрчимтэй хөгжих ханлагатай үйлчилгээний нэг төрөл нь фэншн буюу зуслангийн байр түрээслэх явдал юм. Эдгээр нь цэцэрлэгжилт тохижолт сайтай, байгалийн үзэсгэлэнтэй, Европ загварын байр бөгөөд энгийн өрөөнөөс авахуулаад бүхэл бүтэн том байрыг ч түрээслэдэг. Хосууд, гэр бүлээрээ аялж буй жуулчдад нэн тохиромжтой.

Солонгос айлд зочлон хонох нь хямд заримдаа гэрийн эзэд олон орны хүмүүстэй найз нөхөд болох үүднээс үнэгүй ч байх тохиолдол байдаг. Айлд хонохын хувьд тусдаа ариун цэврийн өрөөгүй байхаас гадна уламжлалт Солонгос маягаар голдуу шалан дээр соон хооллох, унтах зэрэг талууд бий ч ихэвчлэн өглөөний ундыг өгдөг нь зоогийн газар, ресторан байхгүй тосгодоор аялах тохиолдолд таатай байдаг.

Дэлгүүр, худалдаа

Боломжийн үнэ, барааны сонголт сайтай Солонгос улсыг дэлгүүр хэсэн худалдаа хийх дуртай хүмүүсийн диваажин ч гэж нэрлэдэг. Хамгийн түгээмэл худалдаалдаг зүйлст үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зүйлс, ангийн үс, торго, хуучны авдар сав, шаазан эдлэл, гар урлалын эд зүйлс түүнчлэн олон зүйлийн Солонгос бараанууд багтдаг.

Хувцасны дэлгүүр

Солонгост хувцас авахаар зэхэж байгаа бол голлох бөөний төв нь Тундэмүн захын дэлгүүрүүд бөгөөд маш олон орчин үеийн тохилог томхон их дэлгүүрүүд өдөр шөнийн цагаар ажилладаг.

Уламжлалт дэлгүүр

Солонгосын хэв загварыг илтгэсэн жижиг дэлгүүрүүдээр уламжлалт худалдааны хэв жаягтай танилцах боломжтой. Дэлгүүрээс сонирхолтой эд бараагаар дүүрэн богцтой буцах болно. Дэлгүүрээ сонгон үйлчлүүлэхийн сацуу гадаа задгай бүхээгээс хөнгөн зууш авч аялан тухлахад таатай. Худалдаа хийхэд гадаад валют, зээлийн картаар тэр бүр үйлчилдэггүй тул Солонгосын вон авч явах нь зохимжтой. Кёндун зах, Кванжан зах, Намдэмүн захууд Сөүлдээ бөөний худалдааны хамгийн том төвүүд юм.

Их дэлгүүр

Солонгосын их дэлгүүрүүд голдуу 1, 4, 7, 10-р саруудад улирлын хямдрал 2 долоо хоногийн хугацаатай зарлаж бараа бүтээгдэхүүнийхээ үнийг буулгадаг. Хямдрал болж буй дэлгүүрийн тодорхой мэдээллийг интернэтээр авсан ч болох юм. Солонгосын аялал жуулчлалд зориулсан утас уруу ч залган хэдийд хямдрал зарлах талаар тодорхой мэдээллийг авч болно. (+82-2-1330)

Хямдралт худалдааны төв

Хямдралт худалдааны төв нь бусад худалдааны төвүүдтэй зарж буй бараа материалын хувьд онц ялгаа байхгүй ч байнгын хямд үнэ санал болгодгоороо онцлог юм. Алдартай брендийн бүтээгдэхүүнийг худалддаггүй. Солонгост И март, Хоүмэвэр, Лоттэ март, Кимс клуб зэрэг хямдралт худалдааны төвүүд үйл ажиллагаа явуулдаг.

Дюти фри – татваргүй барааны дэлгүүр

Инчоны нисэх буудлын дюти фри шоп нь том талбайтай, барааг ангилан төрөлжүүлсэн, худалдан авалт хийхэд хамгийн ая тухтай орчныг бүрдүүлсэн байдаг.

Дюти фри шопт архи, тамхи, брэндийн цахилгаан бараа, ноос ноолууран бүтээгдэхүүн, гольфийн хэрэгсэл, савхин эдлэл болон бэлэг дурсгалын зүйлс худалдаалдаг. Хатаасан далайн байцаа, кимчи, уламжлалт амттан тэргүүтэнг мөн маш ихээр худалддаг. Яарч яваа аялагчдад зориулсан худалдааны цэгээс архи тамхи, хүн орхоодой, жижиг бэлэг дурсгалын зүйлсийг нэг дор худалдан авч болно. Дюти фри шопт хямд үнэ санал болгодог аут-лэт дэлгүүрүүд ч бий.

Солонгост суралцагч монгол оюутны холбоо
Монгол улсаас БНСУ-дахь элчин сайдын яам